img01
Археологийн олворууд
img01
Хөшөө
img01
Хадны зураг
img01
ДУРСГАЛТ ГАЗАР
img01

Мөнххайрхан сум, Борт баг, Үзүүр Гялангийн хадны оршуулга

Монгол улсын нутагт археологийн хайгуул малтлага судалгаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих мэргэжлийн зөвлөлийн чиглэл, зөвшөөрөлийн дагуу Төв Азийн хэмжээнд анхны иж бүрэн олдвор бүхий Хятаны үеийн ( 10-р зуун ) хадны оршуулгыг Ховд аймаг өөрийн санхүүжилтээр Ховд аймгийн судлаачдын нэгдсэн багаар анх удаагаа археологийн авран хамгаалах малтлагыг хийлгэлээ. Уг оршуулгыг Ховд аймгийн музейн хээрийн судалгааны баг 2015 оны 10-р сард орон нутгийн ирэгдийн мэдээллийн дагуу бүртгэн баримжуулан ажилласан. Уг хээрийн багийн хээрийн судалгааны үр дүнд уг хадны оршуулга устаж үгүй болхоос өмнө археологийн авран хамгаалалтыг малтлагыг хийлээ. Уг хадны оршуулгаас эмээл, хазаар, шавар ваар, модон аяга, 4-н янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь, зүлдлэн авсан 4-н шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгий богц олдлоо. Уг археологийн авран хамгаалах малтлагын багт ХИС -н Түүх, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор Г.Пүрэвдорж, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, БМС Б.Сүхбаатар, Жолооч Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан н.Сэмбэдорж нар багтан ажилласан байна.

 

 

 

 

 

 

img01

Буган чулуун хөшөө

Монгол орны хүрэл зэвсгийн үеийн дурсгалуудын дотор буган чулуун хөшөө онцгой байр суурь эзэлдэг. Буган чулуун хөшөө Монгол орны баруун болон баруун хойт хэсэг, Тува, Байгалийн чанад нутагт үлэмж  тархжээ. Буган чулуун хөшөөг эдүгээ зарим судлаач баруун хойт Монголын биеэ даасан соёл хэмээн үзэж байна.
    Археологичдын судалгаагаар өдгөө Монгол орны нутгаас нийт 500 гаруй буган хөшөө олдоод байгаагийн нэгэн хэсэг нь Ховд аймгийн Мөст сумын нутаг Бодончийн гол сав дахь Баянзүрхийн буган чулуун хөшөөд юм. Эдгээр хөшөөд нь х.ө 460 35/ 406//, д.у 0920 17/ 366//-ын солбилцолд д.т.д 2502 метрийн өндөрт байрлана.
    Баянзүрхийн буган хөшөө нь Мөст сумын төвөөс баруун зүгт 50 гаруй км-т Баянзүрх багийн төвийн орчимд бий. Энэ хөндийд нийт 30 гаруй буган чулуун хөшөө байдаг. Баянзүрхийн буган хөшөө нь “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” мэт сүрлэг бөгөөд Баруун Монгол дахь буган хөшөөний хамгийн том цогцолбор юм.
Дээрх дурсгал буй газар орон нь эртний түүх соёлын дурсгалуудаар арвин баялаг. Тухайлбал буган хөшөөдөөс чанх өмнө зүгт овоолоостой хүрээ далантай хэд хэдэн том хиргисүүр, 10 гаруй булш буй бөгөөд энэ нь Баянзүрхийн хөндий Баруун Монголын эртний түүх соёлын чухал бүс нутаг агсныг илтгэнэ.

Сөртийн хөшөө чулууд
Сөртийн хөшөө чулуудыг анх 1961 онд В.В.Волков, Ц.Доржсүрэн нар судалж товч тодорхойлолт үйлджээ. Үүний дараа 1988 онд МЗТСХЭ-ийн Хангайн анги эдгээр хөшөөг судлан шинжилсэн байна.
Сөртийн хөшөө чулууд нь Ховд сумын төвөөс баруун урагш 6 км-т х.ө 480 04/ 385//, д.у 0910 21/ 914//-ын солбилцолд д.т.д 2048 метрийн өндөрт байрлана. Энд нийт 8 хөшөө чулуу бий.
Хөшөөг саарал болон хар саарал өнгийн боржин чулуугаар үйлджээ. Хөшөөг баруунаас зүүн тийш чиглэлтэйгээр нэг шугаманд зэрэгцүүлэн босгосон байна. Хөшөө тус бүрийн гадна талаар 1.5х1.5 метр дөрвөлжин чулуун хүрээ татаж, түүний голд хөшөө чулууг газарт суулгажээ.

Хүн чулуун хөшөө

Долоон нуурын хүн чулууд
Долоон нуурын хүн чулуу нь Мөнххайрхан сумын төвөөс баруун тийш 22 км-т х.ө 460 07/ 427//, д.у 0910 31/ 243//-ын солбилцолд оршино.
Засч янзлаагүй хавтан чулуудыг ирмэглэн голыг нь жижиг чулуугаар дүүргэсэн 2.4х2.4 метр хэмжээтэй хашлагын зүүн талд тохойгоо хүртэл газарт зоолттой нэг хүн чулуу бий. Хөшөөний өндөр нь 77 см, мөрний өргөн 33 см, зузаан нь 15-17 см. Хүн чулууг шаргал өнгийн боржингоор хийсэн бөгөөд толгойн орой мөлгөр бөөрөнхий, малгай өмссөний шинж тэмдэггүй. Нүүр нь гонзгой бөгөөд хоёр хөмсгийг дугуйруулан урт шулуун хамартай нийлүүлэн үргэлжлүүлжээ. Нүдний гадуур хүрээ хийжээ. Махирласан живэр сахал, түүний дор уруулыг товойлгон дүрслээд амыг хонхойлж гаргажээ. Энгэр тал нь цулгуй, баруун гараар цээжний өмнө мөлгөр ёроолтой аяга бариад зүүн гараа тохойгоор бага зэрэг нугалан доош унжуулсан нь хутга, сэлмийн бариул буюу бүснээс барьсны аль нь болох нь тодорхойгүй. Учир нь энэ хэсэг газрын хөрсөнд булаастай байна. Баруун ханцуйны үзүүрт нарийн эмжээр гаргаад таван хурууг тод дүрсэлжээ. Үүнээс зүүн урагш 70  метр зайд 14 зэл чулуу байдаг.

Шуурхайн Хөх нуурын хүн чулуу
Мөнххайрхан сумын төвөөс баруун зүг 25 км-т цаст Мөнххайрхан уулын зүүн хойт үзүүрээс 2-3 км зайтай хэсэгхэн тэгш талбайд, хэдэн хиргисүүрийн ойролцоо Түрэгийн үеийн тахилын нэг онгон буй нь засч янзлаагүй хавтгай чулуудыг газарт ирмэглэн суулгаж дөрвөлжлөөд дотор зайг том, жижиг чулуугаар дүүргэсэн 3х3.5 метр хэмжээтэй хашлага, түүний зүүн өмнө зоосон хүн чулуу зэргээс бүрдэнэ.
Хүн чулууг цайвар шаргал боржингоор босоо хүний өндөртэй үйлджээ. Хөшөөний өндөр нь 112 см, мөрний өргөн нь 42 см, зузаан нь доод хэсгээрээ 20 см, эрүү орчимд 33 см. Толгойн орой хавтгай, малгай дүрсэлсний шинж тэмдэг үгүй. Хөмсгийг дугуйруулан товойлгож хооронд нь нийлүүлээд доош хамрын хянга болгон үргэлжлүүлжээ. Махирласан живэр сахлыг дундаа тасархайтай хоёр хэсэг болгон дүрсэлж бяцхан товгор уруулын дунд амны хонхор гаргасан байна. Өргөн дүгрэг царай, шувтандуу эрүүтэй, хоёр чихийг тал саран хэлбэрээр товойлгож дүрслээд баруун чихэнд нь бөөрөнхий унжлагатай ээмэг зүүлгэжээ. Баруун гараар цээжнийхээ өмнө цомбон ёроолтой аяга барьж, зүүн гараар бүснээс зүүлттэй сэлмийн бариулаас атгасан байна. Ханцуйны хоёр үзүүрт нарийн эмжээр гаргасан агаад гарын хурууг тоо ёсоор тодорхой дүрсэлжээ. Дөрвөлжин ялтсан нарийн бүс бүсэлж зүүн ташаандаа хоёр оосроор сэлэм агсчээ.
Хөшөөний дүрслэл, эд юмс, онгоны байгууламжийн зохион байгуулалт зэрэг нь Түрэгийн үеийн дурсгал болохыг хөдөлбөргүй гэрчилнэ. Энэ нь манай оронд буй Түрэгийн хүн чулуун хөшөөдөөс хамгийн өндөрт байрлаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Доод Улаан говийн амны хүн чулууд
Мөнххайрхан сумын төвөөс урагш 3.5 км-т Дунд Сэнхэрийн голын баруун биеийн налуу эрэг болох Доод Улаан говийн аманд хүн чулуун хөшөө бүхий түрэгийн дурсгал бий.
Хөшөө нь х.ө 470 02/ 013//, д.у 0910 51/ 155//-ын солбилцолд д.т.д 2181 метрийн өндөрт байрлана. Засч янзлаагүй хавтгай чулуудаар дөрвөлжлөн хашлага хийж төв хэсэгт нь том, жижиг хайрган чулуугаар дүүргээд зүүн талд нь хүн чулууг босгожээ. Үүнээс зүүн урагш 85-90 м зайд 14 зэл чулуу цувуулан тавьжээ.
Хүн чулууг цайвар саарал боржингоор босоо хүний дүрс оруулан хийсэн байна. Ерөнхийдөө бүтэн боловч толгойн орой ба мөрний хэсэг хэлтрэн унажээ. Нүд нь огт мэдэгдэхгүй болж зөвхөн урт шулуун хамар, товойлгон дүрсэлсэн уруул мэдэгдэнэ. Доош хошууран унжсан зураасаар дээлийн зах дүрсэлжээ. Баруун гараа цээжиндээ авч аяга буюу хундага барьсан бөгөөд зүүн гараа бүснээс зүүсэн сэлмийн бариул дээр тавьжээ. Захаараа нарийн эмжээртэй бүс бүсэлж баруун ташаандаа дүгрэг хавтага болон шулуун хутга мэт зүйл унжуулжээ. Өндөр нь 102 см, өргөн нь 43 см, зузаан нь 30 см.

 

img01

Долоон нуурын Улаан толгойн бичээс
    Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт 20 гаруй км зайд Долоон нуурын Улаан толгойн зүүн урд боржин чулуун хаданд гурван хэсэг бичээс бий. Бичээс нь х.ө 460 06. 320//, з.у 0910 30. 220//-ын солбилцолд оршдог.
Төв болон Дундад Азиар дэлгэрч байсан Христосын шашны Нэсторуудын хэрэглэж байсан эртний сири  бичиг болохыг тэмдэглэжээ.

Ямаан-Усны хадны зураг
Алтай, Үенч сумын нутгийн зааг Заагт уул, Алаг тэхт уулын хоорондох өндөр цавчим хадан хясаагаар зааглагдсан хавцлыг “Ямаан Усны хавцал” хэмээдэг. Уг хавцал нөмөр нөөлөг ихтэйгээс гадна хэсэг бусаг газарт булаг шандтай тул нутгийнхан ихэвчлэн хаварждаг байна. Хавцалд янгир ямаа усанд ирдэг жимтэй тул Ямаан-Ус хэмээх нэрэндээ их л зохицжээ.
Ямаан-Усны хадны зургийг анх Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач М.Амгалан Алтай, Үенч суманд уран бүтээлийн ажлаар явж байх үедээ нутгийн хүмүүсээс дуулж, газарчлуулан очиж анхны хуулга хийжээ.
Ямаан-Усны баруун тийш харсан 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Зургууд нь хавцал дахь “Уран зургийн галерей”-г санагдуулна.

Цамбагаравын Хар хадны зураг
 Хар хадны зураг нь Ховд аймгийн төвөөс 90 орчим км зайд х.ө 480 31/ 889//, д.у 0910 05/ 036//-ын солбилцолд д.т.д 2025 метрийн өндөрт Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын өвөр сугад оршдог.
Өгүүлэн буй зургууд нь уулын урд энгэрийн толигор хаданд 10 орчим метрийн өндөрт байрлана. Зургууд нь маш тод. Энэ хаданд өөр өөр үед холбогдох нэлээд тооны зураг бий. Үүнд: олон салаа эвэртэй буга, том эвэртэй янгир, тэмээ, үнэг, нохой, хуягт морин цэрэг зэрэг болно. Эдгээрийн дотроос хамгийн сонирхолтой нь хуягт морин цэргийн зургууд юм. Уг хаданд нийт 6 хуягт морин цэргийн зураг дүрсэлжээ.

Баатархайрханы хадны сүг зураг
Баатархайрханы хадны зургийг 1969 онд Монгол-Оросын археологичид илрүүлэн судалжээ. Энэ ууланд нэлээд тооны зураг байдаг бөгөөд эдгээр зургуудыг сийлэхдээ их төлөв биеийн ерөнхий тэгийг хүрээлэн цохисон байдаг байна. Судлаачид тэдгээрийг хүрэл зэвсгийн үед холбогдуулан үздэг.

 

img01